Шинээр хийгдсэн Анна Каренина киног дурлаж байгаад үзсэн шүү. Үзэхээсээ өмнө хүмүүсийн бичсэн сэтгэгдэл шүүмжлэлүүдийг уншаад тийм ч их зүйл хүлээх хэрэггүй юм байна гэж дүгнэсэн. Уг роман нь өөрөө дэлхийн сонгодог зохиолуудын нэг тул хүмүүс цаашид ч кино, сериал, жүжиг зэргийг хийсээр байх болов уу. Би кино шүүмжлэгч биш болохоор олон зүйл нуршаад яахав. Уг кино 19-р зууны үеийн Оросын дээдсийн хүрээний амьдралд тулгуурладаг бөгөөд язгууртан авхай Анна Каренина царайлаг, залуухан цэргийн офицертой хайрын романс үүсгэснээр түүний амьдрал орвонгоороо эргэж, эцэстээ түүний хувь заяа тун эмгэнэлтэйгээр дуусдаг. Харин найруулагчийн киног шинэлэг болгох гэсэн оролдлого тийм ч сайн болоогүй санагдсан. Киноны зураг авалтыг бүхлээр нь театрын тайзан дээр хийсэн болохоор яг л жүжиг үзэж байгаа юм шиг санагдахаар бөгөөд нэг хэсгээс нөгөө хэсэг рүү хэрхэн шилжиж байгааг ойлгоход жаахан бэрхтэй. Мөн төгсгөл хэсэг нь тун ойлгомжгүй дуусдаг. Надаа трайлер дээрээсээ эхлээд л хувцасны шийдэл, хэрэглэсэн үнэт эдлэлүүд нь өөрийн эрхгүй анхаарал татсан болохоор сайн ч болсон муу ч болсон хамаагүй заавал үзнэ гэж бодож байлаа. Энэ тал дээр харин кино маань огтхон ч урам хугалаагүй шүү.
No comments:
Post a Comment