Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

Thursday, February 14, 2013

Аксессуараа хэрхэн цэгцлэх болон декорац болгож ашиглах нь


Доод тал нь нэг ширхэг гоёл чимэглэл, аксессуар эзэмшдэггүй эмэгтэй хүн гэж үгүй. Аксессуарын маань ихэнх нь далд, голдуу ямар нэг хайрцаг дотор нуугдаж байдаг. Тэд ихсээд ирэх тусмаа мэдээж хоорондоо холилдож замбараагүй болох мэтээр олоход жаахан төвөгтэй болно. Зарим нандин зүйлсийг хамаагүй бусад зүйлстэй хамт хийхэд гэмтэх гэх мэт аюултай. Тэгвэл яагаад гар доорх чамин зүйлсээсээ гэрийнхээ декорацад ашиглаж болохгүй гэж. 


Чухам юуг яаж хаана юутай хамт байрлуулахыг өөрийн тань дүрслэх сэтгэхүй мэдэх хэрэг билээ. Жишээлбэл гоёмсог, нүсэр хүзүүний зүүлтээ тусгайлан лааны суурь дээр өлгөөд шүүгээн дээрээ тавьж болох юм.


Эсвэл цэцгийн саван дотор цэцэгтэйгээ хамт.


Жижиг чамин тавган дотор аксессуараа хийгээд тольныхоо урд тавих.


Дарсны хоосон шилнүүдийг бугуйвчнуудаа өлгөхөд ашиглах.


Нүдний шилний цуглуулгаа дарсны тавиур дээр эмхэлж өлгөх гэх мэт.

Эмэгтэй хүний будаг шунх, үнэртэй усны цуглуулга, гоёл чимэглэл нэг дор эмх замбараатай, гарын доор байвал дээр гэж би боддог. Ялангуяа түргэн хугацаанд хэрэгцээтэй зүйлсээ түүртэлгүй олж чаддаг байх чухал. Мэдээж бүх зүйл нүдний өмнө ил байвал юуг яаж хэрэглэхээ шийдэхэд ч амар байдаг юм. Үүний тулд гоёмсог тавиур дээр өөрийн эзэмшлийн зүйлсээ өрж тавьж бас болно.



Мэдээж ховор нандин зүйлсээ хамаагүй өрж тавьхад гэрт орж ирэх олон хүмүүсийн урт гар орох аюултай. Тэгвэл ядаж шүүгээндээ ч гэсэн эмх цэгцтэй байвал хэрэгтэй зүйлээ хурдан олж авахад дөхөм. Хэдий далд гэлтгүй шүүгээгээ онгойлгох болгондоо харахад ч урамтай шүү. 



Гэх мэтээр маш олон янзаар шийдэж болох билээ.




Sunday, July 29, 2012

Пенсил скиртийг яаж өмсөх талаар


50, 60-аад оны холливуудын алтан үеийн кинонуудад би маш дуртай. Тэр үеийн загварууд сүүлийн хугацаанд бараг бүгд модерн хэлбэрээр эргэн ирсэн билээ. Big like! 
Ер нь классик зүйл хуучирдаггүй. Сүүлийн үед эрчимтэйгээр эргэн ирсэн пенсил скиртыг хэрхэн өмсөж болох талаар өөрийн бодлыг хуваалцьяа. Даруухнаас дэгжин, халуунаас сэрүүний улиралд тохируулан маш олон янзаар хувиргаж болох ашигтай талтай байгаа юм. Мэдээж түрийвчинд ч хэмнэлттэй.  


Пенсил скирт нь миний бодлоор ямарч бие галбирт зохидог, илүүдэл махыг нуудаг, мөн маш эмэгтэйлэг харагдуулдаг гэх мэт олон давуу талтай. Гоёмсог майк, сорочкотой хослуулж үдэшлэг, хүлээн авалт дээр өмсөхөд тун тохиромжтой. Айлтгүйгээр маш этгээд чамин майк, сорочко сонгох тусмаа илүү дэгжин харагдана. Харин өндөр өсгийт өмсөхөө мартаваа. 


Корсетанд дуртай юу? Ингэж өмсвөл маш гоё харагдаж байгаа биз.


Энгийн сорочкон доор ажил хэрэгч маягаар өмсөхөд даруухан хирнээ эмэгтэйлэг харагддаг.


Ажил хэрэгч байдлаар хувцаслах бас нэг боломж нь тохирсон пиджак дээр нь өмсөх. Өнгө хослуулж өмсөх нь надаа хамгийн таалагддаг. Гэхдээ заавал ижил өнгө байх шаардлагагүй. 


Сэрүүхэн үед дээр нь ноосон цамц өмсөөрэй.


50-иад оны үеийн стилиэр хувцаслая гэвэл пеплумтай хослуулаад үзээрэй. Маш тансаг харагдана. 


Энэ эмэгтэй өөрийн пенсил скиртээ 3 янзаар хувиргаж өмссөнөө харуулсан байна. Иймэрхүү маягаар өөртөө тохирсон олон санаанууд олж болох билээ. Миний хувьд надаа хар болон биений өнгөтэй хоёр байдаг бөгөөд өнгөний хувьд юутай ч зохицдог болохоор амар. Харин дахиад нэг арай чамин материалтайг авья гэж бодож байгаа. Харин та пенсил скирт өмсөх үү?


Wednesday, July 18, 2012

Үнэртэй усны тавиур


Та үнэртэй усны цуглуулгатай юу? Уснууд чинь зүгээр л шкафан дотор зогсож байдаг уу?


Тэгвэл дараах санааг хэрэгжүүлээд үзээрэй. Нэг жижгэвтэр хөөрхөн тавиур олоод авчих. Түүн дээрээ гоё савтай уснуудаа тавиад хувцасны шүүгээнийхээ хажууд, тольны урд, угаалгынхаа өрөөнд гэх мэт нүдэнд өртөх газар тавиарай. 

Үнэртэй усыг худалдаанд гаргахын тулд сайн сайн дизайнерууд шилний загвар дээр нь цаг харамгүй ажилладаг. Учир нь усаа сонгох нь савлагааны загвараас эхэлдэг шүү дээ. Сав нь ямар байгаагаас шалтгаалж эхлээд үнэрлэж үзэхээ шийднэ. Мэдээж ажил хэрэгч эмэгтэй эрээн мяраан, хүүхдийн тоглоом шиг савтай усыг гартаа лав барьж үзэхгүй байх. 


Тийм учраас тавиур дээр өрж тавьсан үнэртэй усны цуглуулга миний бодлоор маш чамин декорац болдог. Бас эмх цэгцтэй ч харагдана.
  




Үнэтэй брэндийн дэлгүүрийн уутаа хаяхад хайран санагдаж байна уу? Тэгвэл тэднийгээ жаазанд хийгээд иймэрхүү маягаар хадаж болно. Мэдээж өрөөний хаа нэг буланд биш хувцасны шүүгээнийхээ хажууд өлгөх хэрэгтэй. Мөн жирийн дэлгүүрийн биш, олонд танигдсан маш алдартай фирмийн уут байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. 

Wednesday, August 3, 2011

Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой 10 зүйлс


Саяхан goolingoo.mn дээр эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой 10 зүйлсийн талаар уншлаа. Хэрвээ та юу өмсөх вэ, эсвэл юу худалдаж авах вэ гэж бодож байгаа бол энэ жагсаалтыг нэг харчихад илүүдэхгүй байх.
 
1. Өөрт зохьдог жинсэн өмд
За ер нь жинсэн өмдгүй эмэгтэй хүн гэж бараг байхгүй биз. Миний хувьд бараан өнгөтэй скинни жинс бол авралын элч л гэсэн үг. Шулуун загвар шиг бүдүүн баараг харагдуулахгүй, бас ямар ч галбиртай хүнд зохино. Мөн сүүлийн үед их өмсөгдөж байгаа тод өнгийн скинни жинснээс ч гэсэн хэдийг аваад шүүгээндээ хийчихэд буруудах юм байхгүй.


2. Мини хар даашинз (Little Black Dress)
Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой гэж Коко Шанел тунхаглаж байлаа. Дээр үеийн алтан кинонуудын нэг "Breakfast at Tiffany's" хар даашинз, сувдан зүүлтийг мартагдахааргүй сэтгэлд үлдээж өгсөн.

 Хар даашинз + Сувдан зүүлт = Төгс зохицол

3. Боломжийн өсгийтэй хар туфль
Заавал битүү байх албагүй.. Гялгар материалтай хар туфль маш гоё харагддаг. Хар учраас хаана ч өмсөхөд тохиромжтой. Шөвгөрдүү хоншоортой, дунд зэргийн өсгийтэй нь их дэгжин харагддаг. Нэг нууц хэлэхэд харын оронд сүүлийн үед трэнд болоод байгаа биений өнгөтэйг сонговол мөн юутай ч зохицно.


4. Тренч цув
Ийм цув өмссөн эмэгтэй хүн яагаад ч юм байгаагаасаа илүү баян харагддаг гэлцдэг. Классик шаргал өнгө бол хамгийн сонгодог жишээ билээ. Шаргалаас гадна хар, хар хөх, цагаан ч бас сонгодог. Улирал болон трэндээ дагаад янз бүрийн завсрын өнгөнөөс нэмж сонговол шинэлэг харагдана.

5. Өөр өөр өнгийн майк, футболкнууд
Цагаан, хар өнгийн цулгай майк заавал байх ёстой гэж боддог шүү. Бусад өнгийг таны сонголт л мэдэх байх.

6. Аятайхан загвар бүхий том цүнх
Өдөр тутамд барьхад тохиромжтой том цүнхгүйгээр эмэгтэй хүнийг төсөөлөхөд хэцүү. Ийм цүнх чанартай, гарын ая даахаар бөх байх ёстой. Ер нь нэг удаа гар таталгүй их мөнгө зарцуулахад буруудахгүй. Арьсан цүнхэнд дургүй хүмүүс даавуун материалтайг сонгож болно. Харин хиймэл ширэн цүнх эзнээ маш хямдхан харагдуулдаг, амархан мууддаг. 

7. Өргөгчтэй, хэлбэр сайтай хөхний даруулга
Push-up буюу өргөгчтэй, элдэв гоёл чимэглэлгүй хөхний даруулга хэд хэд байхад зүгээр. Хар, цагаан, биений өнгийг 3 гол өнгө гэж боддог.


8. Ажил хэрэгч загвартай хар юбка
Дандаа л хар өнгө болоод байна уу. Тэгвэл үүний оронд саарал өнгийг сонгож болох юм. Дээр нь цагаан цамц өмсөөд оффист, гоёмсог майк өмсөөд гоёлд гэх мэтээр ер нь бол олон талаар хувиргаж болно. 

9. Хөлөнд эвтэйхэн, загвар сайтай намхан гутал
Намхан өсгийтэй гутал муухай харагдах ёстой гэж ер нь хэн хэлсэн юм.


10. Цагаан даавуун цамц
Цагаан цамц гэхээр эрэгтэй хүнийх шиг уйтгартай загвараар төсөөлдөг үе аль хэдийн өнгөрсөн билээ. Урд талдаа цацагтай, цайвардуу өнгийн цамцыг уйтгартай гэж лав хэн ч хэлэхгүй.  



Энэ жагсаалт хамгийн энгийн зүйлсийг багтаасан тул дээр нь нэмэх зүйл мянга мянгаараа байгаа байх :-) Таны хувьд шүүгээнд тань юу байх ёстой вэ?
Related Posts Plugin for WordPress, Blogger...