Sunday, February 24, 2013

Pearl love


Би урьд нь сувдыг зөвхөн ахимаг насны хүмүүс л зүүхэд зүгээр гэж боддог байлаа. Гэвч энэ бодол маань аажим өөрчлөгдсөн билээ. Алмаз эрдэнийг эмэгтэй хүний хамгийн сайн найз гэдэг ч миний бодлоор сувд бол түүнээс хавьгүй илүү. Юутай ч зохицно, тэгээд ямар ч үед тохиромжтой, мөн ямар ч насны эмэгтэй зүүж болох хамгийн сонгодог зүйл билээ. 


Холливуудын домогт эмэгтэй жүжигчид, үе үеийн алдартай дэгжин хатагтай нарыг сувдгүйгээр төсөөлөхөд ч хэцүү. 


Коко Шанель хувцас загварын ертөнцөд олон хувьсал хийсний дотор сувдан зүүлт мөн багтдаг. Тухайн үед үнэт эдлэлд зөвхөн сайн чанарын байгалийн гаралтай сувдыг ашигладаг байсан бөгөөд загварын хувьд ч сонгодог талдаа байв. Коко Шанель энэ ойлголтыг орвонгоор нь эвдсэн юм. Тэрээр өөрийн зүүлтнүүддээ хямд болон үнэтэй сувдыг хамтад нь хэлхэж замбараагүй маягаар олон давхарлаад зүүдэг байв. Удалгүй уг тренд газар сайгүй тархаж, Коко Шанелийн билэг тэмдэг болсон юм.


Coco Mademoiselle үнэртэй усны рекламанд хамгийн тохирсон зүйл бол мэдээж Шанелийн сувдан зүүлт.


Алтан үеийн жүжигчидийн нэг Грэйс Кэллид ирээдүйн нөхөр болох Монакогийн ханхүү Райнер Van Cleef & Arpels-ын хослолыг сүйн бэлэг болгож өгч байсан нь энэхүү зурган дээр үлджээ. Грэйс уг хослолоо байнга зүүдэг байв.


Холливуудын домогт жүжигчидийн нэг Элизабет Тайлор үнэт эдлэлд дурладгаараа алдартай байлаа. Хуучин нөхөр нь болох Ричард Буртон Элизабетийг баярлуулахын тулд асар үнэтэй гоёл чимэглэлүүдийг харамгүйгээр бэлэглэдэг байсан юм. Түүний дотор Ла Перегрина хэмээх хамгийн алдартай сувд бас багтдаг. Ла Перегрина сувд нь 500 жилийн түүхтэй. Тухайн цаг үедээ хамгийн томд тооцогддог байсан ба олон алдартай хүмүүсийн эзэмшилд байж, эзэн хааны титмэнд хүртэл орж байжээ. Элизабетийг нас барсны дараа эд зүйлсийг нь дуудлага худалдаагаар оруулахад уг алдартай сувд орсон зүүлт бас зарагдсан билээ. 


Диана гүнжийн энэ төрх олон хүний сэтгэл зүрхэнд үлдсэн. Зурган дээрх уг титэм Английн хатан хаан Элизабетийн хувийн цуглуулгад багтдаг "Cambridge Lover's Knot" нэртэй титэм юм. Хаадын ордонд үнэт эдлэл зээлж зүүх нь заншил бөгөөд Диана гүнжийн дурлан зүүдэг байсан уг сувдан унжуургатай титэм хамгийн үзэсгэлэнтэй титэмний нэгт багтдаг.  


Олон давхарласан, гоёмсог хийцтэй сувдан зүүлт хамгийн сайхан нь. Сонгодог хар даашинзан дээр сувдан зүүлт л хамгийн гоё харагддаг гэж би боддог. 

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...