Thursday, February 28, 2013

Викториа Бекхэмийн ажил хэрэгч стиль

-
Викториа Бекхэмийн урьдны стилийг тодорхойл гэвэл загварын хэлмэгдэгч гэдэг үг л хамгийн тохирмоор санагддаг. Пош Спайс байхдаа буюу 90-ээд оны хамгийн алдартай охидуудын хамтлагт дуулдаг байхдаа түүний стиль бусдыгаа бодвол хамгийн дэгжин, бас сонгодог талдаа байв. Хамтлаг тарсны дараа хэсэг ганцаараа дуулах гэж оролдож байгаад тэр бодлоо орхиж загварын ертөнц лүү эргэлт буцалтгүй орсон билээ. Энэ бол түүний хамгийн сайн мэддэг, бас сонирхдог талбар байв. Викториа өөрийнхөө одооны стилийг олтол маш олон эрсдэлтэй туршилт хийж, fashion victim гэж хэлэгдэн, олон ч шар хэвлэлийн бай болдог байв (доорх зургийг хараарай). Анх жинс болон нүдний шилний коллекц гаргасан нь нилээн амжилттай болсон ч тийм өргөн хүрээг хамарч чадаагүй юм. Харин 2007 оноос өөрийн нэрийн коллекцийг гаргахаар тууштай ажиллаж эхэлсэн байна. Тухайн үед хүмүүс түүнд эргэлзэж байсан ч анхны шоугаа хийсний дараа энэ хандлага аажим өөрчлөгдсөн юм. Харин одоо бол Викториа улирал болгон New York-ын загварын долоо хоногт оролцдог чадварлаг дизайнер гэдэг хүндлэлийг албан ёсоор хүртсэн. Түүний даашинзнуудын үнэ 2000 орчим доллараас эхэлдэг бөгөөд өмссөн эмэгтэйн биеийг гайхалтай эмэгтэйлэг харагдуулдаг. Нууц нь гэвэл маш сайн чанарын материалаар ямар нэг трэнд хөөгөөгүй удаан хугацаанд өмсөгдөж болох сонгодог загварыг урладагт байдаг. Мөн биенд хэрхэн сууж өгөх болон оёдол, хийц зэрэг дээр нарийн анхаардаг байна.   


Викториа нэг хэсэг иймэрхүү аймаар стильтэй байсныг хүмүүс санаж байгаа байх. Туранхай биенд нь огт зохиогүй порно одынх шиг дэндүү том хиймэл хөх, устөрөгчийн хэт ислээр түлж шарлуулсан шав шар үс, тэгээд байнга энгэр заамаа задгайлсан хувцаслалт гэх мэт.
Викториа дизайнер гэж үнэлэгдэж эхэлснээсээ хойш байнга өөрийн нэрийн хувцаснуудаар гоёх болж, стилээ эрс өөрчилсөн билээ. Одоо түүнээс өдөр тутам хэрхэн ажил хэрэгч бөгөөд дэгжин, сонгодог маягаар хувцаслаж болохын үлгэр жишээг байнга харж болно.





No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...